Sukhee ax : АЛТАН ОРДНЫ УЛС БА ИЛ ХААНТ УЛСЫН ЗӨРЧИЛ, ТЭМЦЭЛ

АЛТАН ОРДНЫ УЛС БА ИЛ ХААНТ УЛСЫН ЗӨРЧИЛ, ТЭМЦЭЛ

Алтан ордны улс 1243 онд анх байгуулагдсаны дараа исламын ертөнцөд Монголчууд бас дахин нэг улсыг байгуулсан нь Ил хаант улс (1256-1335) байсан юм. Хоёр улс эхэндээ найрсаг сайхан харилцаатай байсан боловч цаг хугацааны явцад хүйтэрч зөрчилдөх болсон. Нэгэн тугийн дор нэгдэж байсан, нэг угсаа гаралтай хоёр улс чухам яагаад зөрчилдөх болсон нь их сонирхолтой юм.

Ил хаант улс Алтан ордны улсын хоорондын харилцаанд дараах хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд:

Нэгдүгээрт: Аригбөх Хубилай хоорондох тэмцэлээс үүдэлтэй. Хубилай Аригбөх нарын хаан ширээний төлөөх тэмцэл нь Бэрх-Хүлэгү нарын дайны эхлэлийг бий болгосон. Хүлэгү Монголын хаан ширээний төлөөх тэмцлийн үед Хубилайг дэмжиж байсан ба түүний мэдэлд баруун зүгт байлдан дагуулалт хийсэн их цэрэг байсан юм. Монголд гарсан хаан ширээний төлөөх тэмцэлд Хүлэгү оролцох сонирхолтой байсан ч түүнийг зүүн тийш их цэргээ аван буцан явах үед Хубилай хаан ширээнд суусан тул тэрээр түүнийг дэмжсэн. Хожим үүнийхээ хариуд өөрийн гэсэн бие даасан улсаа исламын ертөнцөд байгуулах боломжтой болжээ. Харин Бэрх Аригбөхийг дэмжиж[1] байжээ.

2. Газар нутгийн маргаан: Мөнх хаан Бат хаанд соёрхол болгож өөрийнх нь хүсэж байсан Азербайжан, Тебриз, Мерагу, Хаманданы бүс нутгийг өгөхийг зөвшөөрсөн байдаг. Энэ нь Хүлэгү хаанд огт таалагдаагүй юм. Ил хаант улс болон Алтан Ордны улсын хил Дербентээр[2] зааглагдаж байсан боловч Хүлэгү хаан Алтан Ордны улсын Азербайжан дахь нөлөөг үл хүлээн зөвшөөрч өөрийн улсын нийслэлийг Тебриз хотод байгуулсан юм. Ил хаант улс Кавказыг бэхлэн хамгаалах үүднээс Азербайжан болон Арраны дунд байрлаж байсан. Мөн хоёр талын улсын хилийг анхнаас нь тодорхой зааж зааглаж өгөөгүйгээс болж зөрчил гаргах үндэс болсон. Энэ нь Азербайжаны нутаг дэвсгэр юм.[3]

Кавказ болон тэр хавийн нутгийг Алтан ордны улс хэзээнээс өөрийн эзэмшлийнх гэж үздэг байсан юм. Адуу мал бэлчих, бас өвөлжихөд нэн таатай Муганы тал нь цэрэг дайны, стратегийн ач холбогдолтой байжээ. Багдадын халифатын эсрэг дайнд нэгдэж цэргийн хүчээр тусалсан Бэрх хаанд энэ нутаг нь дэндүү үнэтэй бэлэг байсан гэдэг нь эргэлзээгүй юм. Бэрх хаан Азербайжаныг авах сонирхолтой байсан нь цаанаа Европ Азийн худалдааны замыг хянах зорилготой байжээ.[4] Стратегийн онц чухал байрлалтай энэ бүс нутгийн төлөө дайтахаас ч өөр сонголт байгаагүй юм.

3. Тагнуулын хэрэг: Хүлэгү хаан өөрийн цэрэгт байсан Алтан ордны улсын туслах цэргийн захирагч Зүчийн удмын гурван[5] хөвгүүнийг цаазалсан нь харилцаа хурцдах бас нэг шалтгаан болж өгчээ. Эдгээр гурван хан хүү[6] (Тутар, Балакан, Кули) Мөнх хааны зарлигаар исламын ертөнцийн эсрэг аян дайнд Батын хүрээнээс өөрсдийн цэргийг авч явсан юм. Мөнх хаан Багдадыг эзлэх аян дайны талаар Хүлэгт тусламж болгон арван хүн тутмаас хоёр цэрэг гаргаж өгөхийг Монголын эзэнт гүрний бүх улсуудад зарлиг гаргажээ. Энэ зарлиг ёсоор Зүчийн удмаас Ордугийн хүү Кули, Шибаны хүү Балаган, Минг-Кудурын хүү Тутар, Бувалын ач хүү, Ногайн үеэл нар аян дайнд морджээ.[7] Хожим Ногай Ил хаадын эсрэг Мөнх-Төмөр хааны үед бие даан байлдааны үйл ажиллагаа явуулсан нь үүнтэй холбоотой. Бэрх хаан өөрсдийн цэргүүдийг Алтан ордны улс руугаа буцаж ирж чадахгүй ямар нэгэн байдал үүссэн нөхцөлд Египет рүү одохыг тушааж байсан бөгөөд хижрийн 660 онд буюу 1261-1262 онд Алтан ордны анхны дайчид Египетэд хүрэлцэн очиж байжээ[8]. Цаазлуулсан хан хөвгүүдийг Египетийн Мамлюукуудад туслах зорилгоор тагнуул болон бослого үймээн гаргаж болзошгүй хэмээн хардан цаазалсан байна.

4. Шашин шүтлэг. Бэрх хаан исламын шашинд гүн гүнзгий хутгалдан ороод исламын шашинг нухчин дарж буй Хүлэгү хааныг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан юм. Исламын шашинт ард иргэдийг залхаан цээрлүүлж христийн шашинт хүмүүсийг ивээж байсанд исламын шашинтай Бэрх дургүйцсэн зэргээс үүдэн хоёр талын харилцаа ихээхэн муудсан байна. Бэрх, хаан ширээнд суух үедээ аль хэдийнээ исламын шашинтай болсон байсан бөгөөд түүний зөвлөх түшмэл, ислам шашинт хүмүүс дайн хийхэд их бага хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй юм.

5. Хоёр талын элч худалдаачдыг цаазалсан нь бас л томоохон асуудал дагуулсан юм. Энэ бүх үйл ажиллагаанд Египетийн Мамлюкууд оролцоогүй зүгээр сууж байсан гэхэд үнэнд нийцэхгүй юм. Бэрх хаан ч гэсэн Хүлэгү хаанаас бэлэг хүргэж ирсэн элчийг хүлээн авахаас татгалзан цаазлан хороосон[9] байна.

Энэ зөрчил цаашид урт удаан хугацааны зуу гаруй жилийн дайнд хүргэсэн юм. Хоёр талаас энэ дайнд ихээхэн хэмжээний цэрэг амь насаа алдсан байна. Дайны талаар Алтан ордны Бэрх хаан “Аллах бурхан Хүлэгүг шийтгэх болтугай! Хүлэгү Монголчуудыг монголчуудын эсрэг тэмцэлдүүлж байна. Хэрэв зээ бид ямагт нэгэн санаатай байсан бол дэлхийг бүхэлд нь эрхшээлдээ оруулж чадахсангэж гунигтайгаар хэлж байжээ[10]. Арабын түүхч Ибн Кесир энэ тухай бичихдээ “Монголчууд бие биенээ хядах нь гунигтай ч Чингис хааны их засаг хуулийг зөрчсөн үйл явдал байсан”[11] юм хэмээн тэмдэглэж үлдээжээ.

Харин Алтан Ордны улс нь Египетийн мамлюкуудтай эдийн засаг, улс төрийн хувьд нягт зузаан харилцаатай байжээ. Хоёр тал элч, худалдаачид солилцож их өргөн харилцаагаа холбоотон улсын хэмжээнд хүргэж чадсан юм. Гол зорилго нь Ил хаант улсын эсрэг хамтран тэмцэх асуудал байсан юм. Мамлюкууд ч гэсэн хүчирхэг Алтан Ордны улс, Ил хаант улсуудаас болгоомжлох үүднээс шашин шүтлэг ойр Алтан ордныг дэмжин Ил хаант улс Алтан ордны улсыг хооронд нь нэгдүүлэхгүй аль болох сөргөлдүүлэхийг хүсэж байсан нь гарцаагүй юм. Орон зайн хол байдлаас болж хоёр улс цэргийн салбарт төдийлөн сайн харилцаж байгаагүй харин эдийн засаг соёлын хувьд өндөр харилцаатай байжээ.

1260 онд Айн Жалудад Хүлэгү хааны цэргийг бут цохисны дараагаар Мамлюкууд дараагийн дайнаас сэргийлэн холбоотон олох зорилгоор Алтан ордны улстай тууштай харилцаж эхэлсэн. Алтан ордны улс хойд Кавказ, Иран, Азербайжанаас болж Ил хаант улстай хэд хэдэн удаагийн аян дайныг хийсэн байдаг. 1262 оны эхээр Бэрх хааны цэрэг Хүлэгү хааны цэрэгтэй анх Кура голын эрэгт цус асгаруулсан тулалдсаны эцэст Хүлэгү хаан ялалт байгуулж Бэрх хааны цэрэг ухарсан байна.

Бэрх хааны цэргийг Ногай жанжин удирдаж явсан бол Хүлэгү хаан хүү Абгагийн хамт их цэргээ удирдаж явжээ. Ногай жанжин ялагдан зугтаж Алтан ордын хил хүртэл 12 өдөр нэхэн байлджээ. Улмаар Дербентийг Ногай жанжнаас дахин булаан авсан байна. Бэрх хаан яаралтай бүх нийтийн цэрэг татлага зарлан 10-аас дээш насны бүхий л хүмүүсийг зэвсэглэн Хүлэгү хааныг тосон ирсэн байна. Гэвч Хүлэгү хаан давуу хүчтэй дайсныхаа өөдөөс байлдалгүй Кавказын Терек голыг гатлан ухрах гэж байгаад нэлээд олон тооны цэргээ усанд живүүлж алдсан бөгөөд улмаар Ширмүн ноёноор хаалт тавин хаант улсдаа эсэн мэнд хүрч очсон байна.

1263 оны 8 сард Алтан Ордны Ногай жанжин Дербент болон Ширван луу ахин довтолсон байна. Бэрх хаан Египетийн мамлюк султан Бейбарстай дотно харилцаатай байсан ба Хүлэгү хааны эсрэг цэргийн эвсэл байгуулсан нь Ил хаант улсын хувьд хоёр фронт дээр зэрэг байлдах шаардлага гарч ирсэн байна. Ил хаан Хүлэгү их хаан Хубилайд ихээхэн найдаж цэргийн туслалцаа хүсч байсан юм.

Хүлэгү Египетийн Мамлюк султанд 1260 онд ялагдсны дараа (Айн Жалут) дахин байлдахаар цэрэг хуримтлуулж байгаад 1265 оны хоёрдугаар сард нас барсан бөгөөд Бэрх хаан түүнийг хордуулж алсан гэж үздэг байна.[12] Гэхдээ Рашид ад дины зохиолд түүнийг 1264[13], Оросын сурвалжид бас 1264[14], 1264 оны 12 сарын 30 нд[15] нас барсан хэмээн харилцан адилгүй тэмдэглэсэн байдаг.

Хүлэгү хааныг нас барсны дараа түүний хүү Йешмут хаан ширээнд суух байсан боловч. Хүлэгү хааны өөр хүү Абага хаан ширээнд суусан байна. Йешмут бол Хүлэгү хааны 3 дахь хүү. Түүний эх нь Хүлэгү хааны хатан бөгөөд Кутузийн шивэгчин байжээ. Йешмут гурван хүүтэй байсан. Хар-Нохой, Зенбу, Сүхэй. Хүлэгү хаан түүд Дербент болон Арраны газар нутгийг өгсөн байна.

Абага (1265-1282) хаан ширээнд суугаад эцгийнхээ өшөөг авах мөн улс орныхоо алдсан газар нутгийг эргүүлэн авахын төлөө Алтан Ордны улстай дахин байлдсан юм. Алтан ордны улсын Ногай жанжин их цэргийн хамт Кура голыг гатлан Ил хаат улсын нутагт цөмрөн орсон бөгөөд үүний эсрэг Абага өөрийн эцэг нэгт дүү Йешмутыг их цэргийн хамт 1266 оны эхээр илгээсэн байна. Тулалдаанд Ногай жанжин амжилт ололгүй Кура голын цаад эрэг хүртэл ухарсан байна.

Абага хаан Кура голыг маш сайн бэхэлсэн байжээ. Кура голыг гатлах гэж Алтан ордны улсын цэрэг 14 хоног оролдоод өөр газраар гатлах зорилгоор Тбилис хот хүртэл цэргээ ухраасан байна. Алтан ордны улс Кура голын эрэгт 300 мянган[16] цэрэгтэй ирээд байсан нь тухайн үед ямар хүчирхэг байсныг харуулж байгаа юм. Гэвч зам зуураа Бэрх хаан 1266 онд нас барж[17] байдал түр намжсан байна.

Алтан ордны улсын шинэ хаан Мөнхтөмөр Бэрх хаанаас нэг ялгарах шинж бол тэрээр анх удаагаа Ил хаан Абагатай урт удаан хугацааны найрамдлын гэрээ байгуулж харилцан буулт хийж чадсан байна. Гэсэн ч тэрээр Бэрхийн адил Мамлюкуудын холбоотон гэхдээ ёс төдий харилцаатай хэвээр үлдсэн юм. Мөнхтөмөр хаан Мамлюкуудын дэвшүүлсэн Византийн эзэнт улстай найрамдаж Ил хаадын эсрэг дайтах гурвалсан холбоотны саналаас татгалзаж, найрамдлын гэрээ байгуулъя гэсэн Византуудад ч тодорхой хариу өгөөгүй юм.

Мөнхтөмөр хаан харин ч юуны өмнө цэргийн удирдлагыг тухайн үед хүчирхэг болоод байсан Ногайн гараас салгаж авсан байна. Удаа дараагийн цэргийн амжилтгүй үйл ажиллагааны улмаас ийнхүү шийтгэл оноосон юм. Харин Ногай өөрөө бие даан Ил хаант улстай байлдах туйлийн их хүсэлтэй байлаа. Учир юун гэвэл Мөнх хааны зарлигаар Хүлэгү хааны цэрэгт явж байгаад сүүлд 1260 онд цаазлагдсан Алтан ордны ноёдын дотор Ногайн үеэлүүд байсан юм. Тиймээс Ил хаадаас ял асуух хүсэл байсан нь гарцаагүй хэрэг байжээ.

Төрийн хэргээс хол хөндий бие даасан байдалтай байсан Ногай Хижрийн 669/1270 онд Мамлюкуудын султан Бейбарсад холбоотон болох найрамдлын захидал илгээж Ил хаант улсын эсрэг ахин хамтран тэмцэх санал тавьсан тэрээр захидалдаа: “Би таны гарын нэг хуруу болж явъя. Таны ашиг сонирхлыг бид хүндэтгэнэ. Бидний ашиг сонирхолыг та хүндэтгэх ёстой”[18] хэмээн бичиж байжээ. Тэрээр цэрэг дайны үйл ажиллагаанд бэлдэж Литов Польшуудын эсрэг дайтаж Византийн хаан Михайла VIII-тай ураг барилдаж түүний охин Ефросиньютай гэрлэсэн байна.[19] 1280 онд Мөнхтөмөр хаан гэнэт нас барснаар Ил хаант улс Алтан ордын хооронд дайн дахин гарах нөхцөл бүрдсэн байна.

Ногай хан 1290 онд дахин Ираныг 10 мянган цэргийн хүчээр довтолсон боловч Аргун хаанд ялагдсан байна. 1291 онд Аргун хааны нас барсны дараагаар Ил хаант улс Алтан ордны улсын хоорондох харилцаа түр зогссон байна.

1303 оны 1 сарын 21-нд Алтан ордны улсын Тохта хаан Кавказын нутгийг шилжүүлэн өгөхийг Ил хаант улсын Газан хаанаас шаардсан[20] бөгөөд Газан хаан хариуд нь татгалзсан хариу өгсөн юм. Ногай Тохта хоёрын зөрчилдөөнөөс болж Алтан ордны хүч сул байгааг мэдсэн Газан хаан саналыг хүлээж аваагүй юм.

Алтан ордны улсын хаан Тохта 1308 онд Ил хаант улстай шинээр дайн хийсэн юм. Хилийн жижиг зөрчлөөс эхэлсэн энэ мөргөлдөөн томоохон дайн болтлоо өргөжсөн. Ил хаан Өлзийт Египет болон Алтан Ордны улстай нэгэн зэрэг хоёр талд тулалдахаас сэргийлэн тулалдахаа түр больсон юм. 1313 онд хоёр улсын худалдааны харилцааг сэргээх зорилгоор хийсэн хэлэлцээ амжилтгүй болж Тохта хаан нутгийн Курд үндэстнүүдээр дэмжүүлэн дахин Ил хаант улс руу довтолсон боловч бут цохиулан Алтан ордны хил хүртэл ухарчээ.

1320 онд Алтан орд Ил хаант улсын хооронд дайн болсон боловч Өзбег хаан ялагдаж эзэмшил газрынхаа нилээд хэсгийг алдсан байна. 1335 онд Ил хаан Абу Сайдын дараах хаан Арпа хаантай Өзбег хаан байлдсан боловч мөн л ялагдаж Азербайжаныг алдсан юм. Өзбег хаан төр барьж байх хугацаандаа Ил хаант улстай байнга амжилтгүй дайныг хийж байжээ.

Улмаар 1335 онд Ил хаан Абу сайд хаан нас барснаар Ил хаант улсын хүчин чадал ихэд сулран доройтож дотоодын улс төрийн хямралдаа автаад байлаа. 1356 онд[21] Жанибег хаан өөрийн их цэргийг авч сулран доройтож улс төрийн хямралд автаад байсан Ил хаант улс руу аян дайн хийсэн юм. 100 мянга орчим цэрэгтэй Азербайжаныг довтлон Тебриз хотыг эзлэн Бэрх хааны үеэс булаацалдаж байсан нутгийг Алтан ордод анх удаа нэгтгэж чадсан юм. Тэнд өөрийн хүү Бердибегийг захирагчаар томилсон байна.

Жанибег хаан нас барсны дараагаар Ил хаант улс Алтан ордны улсын харилцаа төгсгөл болсон юм. Зуу гаруй жил үргэлжилсэн хоёр улсын харилцааны зөрчилд дан ганц хоёр талын буруу байсангүй харин аль алийг нь холбоотон болгох гэж оролдож байсан Византийн эзэнт гүрэн, Египетийн мамлюкуудын оролцоо бас нөлөөлсөн юм. Хоёр талын дайн тулалдаан 100 гаруй жил үргэлжиж үндсэндээ Ил хаант улсын ялалтаар төгссөн юм.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. Камалов.И.Х Отношения Золотой Орды с Хулагуидами.М.2007

2. А.А.Горский.”Русь и Орда”.М.2000

3. Б.Д.Греков, А.Ю.Якубовский.”Золотоая Орда и ее падение”.Москва-Ленинград.1950

4. Р.Ю.Почекаев.”Алтан ордын хаад”.УБ.2013.он

5. Рювен амитай-Прейсс.”Монголчууд ба Мамлюкууд”. УБ.2006

6. И.Х.Камалов.“Отношения Золотой Орды с Хулагуидами”.М.2007

7. Р.Ю.Почекаев.”Бат хаан”.УБ.2013 он

8. Тинзенгаузен, Сборник I, ал-Макризи, текст, стр.418, перевод, стр.429

9. J.A.Boyle, Dynastic and Political History of the Ilkhans, 1970

10. Г.Хафизов.”Распад Монголской империи и образование Улуса Джучи”. Казань.2000

11. С.Закиров.”Дипломатические отношения Золотой Орды с Египтом XIII-XIV”. 1966.

12. R.Baybars.Baybars Tarihi

13. Georg Ostrogorsky.Bizans Tarihi, Cev. Fikret Isiltan, TTK, Ankara 1981,

14. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. ЭСБЕ/Чанибек



[1]И.Х.Камалов.”Отношения Золотой Орды с Хулагуидами”.М.2007.с.40

[2] А.А.Горский.”Русь и Орда”.М.2000.с.23

[3] Б.Д.Греков, А.Ю.Якубовский.”Золотоая Орда и ее падение”.Москва-Ленинград.1950.с.76

[4] Р.Ю.Почекаев.”Алтан ордын хаад”.УБ.2013.он..42-р тал

[5]Рювен амитай-Прейсс.”Монголчууд ба Мамлюкууд”. УБ.2006 он.79-р тал

[6] И.Х.Камалов.“Отношения Золотой Орды с Хулагуидами”.М.2007.с.48

[7] Р.Ю.Почекаев.”Бат хаан”.УБ.2013 он.,262-р тал

[8]Тинзенгаузен, Сборник I, ал-Макризи, текст, стр.418, перевод, стр.429

[9]С.Захиров.”Дипломатические отношения золотой орды с Египтом”.М.1966.с.14

[10]Рювен амитай-Прейсс.Монголчууд ба Мамлюкууд. УБ.2006.80-р тал

[11]С.Закиров.”Дипломатические отношения Золотой Орды с Египтом XIII-XIV”.М.1966. С.15

[12]И.Х.Камалов.“Отношения Золотой Орды с Хулагуидами”.М.2007.с.56

[13]J.A.Boyle, Dynastic and Political History of the Ilkhans, p.354.

[14]Г.Хафизов.”Распад Монголской империи и образование Улуса Джучи”.Казань.2000 год.с.54

[15] С.Закиров.”Дипломатические отношения Золотой Орды с Египтом XIII-XIV”.М.1966.с.16

[16]Мөн тэнд

[17]И.Х.Камалов.“Отношения Золотой Орды с Хулагуидами”.М.2007.с.57

[18]R.Baybars.Baybars Tarihi s.169.

[19]Georg Ostrogorsky.Bizans Tarihi, Cev. Fikret Isiltan, TTK, Ankara 1981, s.424; P

[20]С.Захиров. “Дипломатические отношения Золотой Орды с Египтом XIII-XIV”.М.1966.с.18

[21]Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. ЭСБЕ/Чанибек

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, өөдгүй, чи бол

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)